ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Их Британ улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Их Британ улс замын зүүн гар талын хөдөлгөөнтэй. Өөрөөр хэлбэл өөдөөсөө яваа тээврийн хэрэгслийг баруун гар талаараа өнгөрөөж, тойрох хөдөлгөөнтэй уулзварыг цагийн зүүний дагуу эргэж нэвтрэх ба урд яваа тээврийн хэрэгслийнхээ баруун гар талаар нь гүйцэж түрүүлнэ гэсэн үг. Анх 1756 онд Лондонгийн гүүртэй холбогдуулан зүүн гарын хөдөлгөөний журмыг хуульчилж байжээ. Мөн 1773 онд баталсан «Төв зам»-ын тухай хуульд морин тэргээр замын зүүн гар талыг баримтлан явж байхыг зөвлөмж болгосон байдаг ба 1835 оны «Төв зам»-ын тухай хуулиар түүнийг баталгаажуулж байжээ.

Их Британы тууш замууд дээр яаралтай тусламжийн, улбар шар өнгөтэй телефон харилцууруудыг бараг хагас миль тутамд байрлуулсан байдаг бөгөөд энэхүү телефоноор Тууш замын цагдаагийн хяналтын төв (Police Motorway Control Centre)-тэй холбогдож, Автомашины нийгэмлэг (AA)-ийн засварын бригад, Вант улсын Автомашины клуб (RAC) болон цагдаа, эмнэлгийн түргэн тусламж, гал унтраах албаны шуурхай тусламжийг авч болох гэнэ.

 

Их Британ улс Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай 1968 оны Венийн Конвенцууд, мөн эдгээрийн нэмэлт болох 1971 оны Европын Хэлэлцээрүүдэд бүгдэд нь гарын үсэг зурсан боловч алийг нь ч соёрхон батлаагүй юм. Иймээс энэ улсад Венийн Конвенц үйлчлэхгүй. Гэхдээ Замын хөдөлгөөний тухай 1949 оны Женевийн Конвенц болон Замын дохио, тэмдгийн тухай Протоколыг анхнаас нь мөрдөж ирсэн учир энэ орны Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг заалтууд болон замын тэмдэг, тэмдэглэлийн дүрслэл, утга агуулга нь олон улсын болон европын стандартад бүрэн нийцнэ.

Анхааруулах тэмдгийн загвар нь манай замын хөдөлгөөний дүрэм, замын тэмдгийн стандартад тусгагдсан загварын нэгэн адил улаан хүрээтэй гурвалжин хэлбэртэй. Гэтэл энэ орны колони байсан ихэнх орнуудын замын анхааруулах бүлгийн тэмдгүүд шар дэвсгэртэй, ромбо хэлбэртэй байдаг юм.

Англи улсын замын анхааруулах тэмдгийн загваруудаас түүвэрлэн сонирхуулъя:

 

 

 

 

 

 

 

Англи улсын замын хөдөлгөөний дүрэмд адил замын уулзвар нэвтрэхэд баримтлах нийтлэг журам байхгүй ажээ. Учир нь тийм уулзварууд дээр дарааллын журам тогтоосон тэмдгүүдийг аль хэдий нь байрлуулсан байдаг гэнэ. Туслах зам дээр нь «GIVE WAY» буюу «Зам тавьж өг» гэсэн бичиг бүхий гурвалжин тэмдэг, эсвэл «STOP» буюу «Зогс» гэсэн бичиг бүхий улаан хүрээтэй дугуй тэмдэг тавиастай байхаас гадна олонхи уулзварын өмнөх зорчих хэсэг дээр зам тавьж өгөхийг шаардсан тэмдэглэл байх нь түгээмэл юм. Энэхүү тэмдэглэл нь цагаан өнгийн зураасуудыг хосоор нь эгнүүлэн тавьсан дүрслэлтэй байх бөгөөд ийм тэмдэглэл Венийн Конвенцид ч тусгагдсан байдаг юм. Харин манай стандартаар энэ тэмдэглэл гурвалжингуудыг эгнүүлэн тавьсан дүрслэлтэй байх ба мөн Венийн Конвенцид нийцнэ.

 

 

Хориглох тэмдгийн загваруудаас нь түүвэрлэн сонирхуулъя:

 

 

 

Их Британ улсад шинээр үйлдвэрлэх бүх автомашины урд болон хойд суудлыг хамгаалах бүсээр тоноглосон байхыг шаарддаг бөгөөд үйлдвэрээс тавьсан хамгаалах бүсийг хэрэглэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг жолооч, зорчигчдод хориглоно. 14 хүртэлх насны хүүхдэд хамгаалах бүсийг хэрхэн хэрэглэхийг жолооч зааварчлахаас гадна уг хариуцлагыг өөртөө хүлээх үүрэгтэй байна.

Түүнээс гадна тээврийн хэрэгслийн жолооч бүр автомашиндаа эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг, нөөц чийдэнгийн цуглуулга, гэрэл ойлгогч элемент бүхий хантааз зэргийг авч явах үүрэг хүлээнэ.

 

Их Британ улсад 2003 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн жолооны ард гар утсаар ярихыг хоригложээ. Энэ заалтыг анх удаа зөрчсөн тохиолдолд 30 фунт (GBP-Английн мөнгөний нэгж)-ээр торгох бөгөөд харин олон удаа давтан үйлдвэл торгуулийн хэмжээг 1000 фунт хүртэл нэмэгдүүлдэг байна. Түүнээс гадна гаргасан зөрчил бүрт нь торгуулийн 3 оноо тооцдог ажээ.

 

Тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарлалыг дараахь байдлаар тогтоожээ:

- хорооллын дотор цагт 30 миль (48 км/цаг);

- нэг чигийн хөдөлгөөнтэй замд автомашин цагт 60 миль (96 км/цаг), автобус болон тээврийн хэрэгсэл чирэх үед цагт 50 миль (81 км/цаг);

- эсрэг хөдөлгөөнтэй зам буюу тууш замд автомашин цагт 70 миль (112 км/цаг), тээврийн хэрэгсэл чирэх үед цагт 60 миль (96 км/цаг).

Тайлбар: Жерси (Jersey)-д хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарлалыг цагт 40 миль (65 км/цаг), Гернси (Guernsey)-д цагт 35 миль (56 км/цаг) байхаар тогтоожээ.

 

 

Хорооллын дотор 23:30 цагаас 7:00 цагийн хооронд дуут дохио өгөхийг хориглоно.

 

Их Британ улс жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.8 промилл (100 миллилитр цусанд 80 миллиграмм спирт)-оор буюу эсвэл 100 миллилитр амьсгалын хийд 35 миллиграмм спирт байхаар тогтоожээ.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- тогтоосон хурдыг хэтрүүлсэн бол 60-250 еврогоор торгохоос гадна жолоодох эрх хасах шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан бол 1000 фунтээр торгох шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ тамхи татсан бол 30 фунтээр торгох шийтгэл ногдуулна;

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 1800 фунтээр торгох шийтгэл ногдуулна;

- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн (хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн) бол 250 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоон байрлуулсан бол 50-аас дээш еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- үргэлжилсэн хос шугамыг давж буцаж эргэсэн бол 190 доллароор торгох шийтгэл ногдуулна;

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 3000 фунтээр торгох буюу жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 6 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ;

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гарган хүний амь, биед хохирол учруулсан бол 5000 фунтээр торгож, 14 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»